Ухаалаг утаснаас болоод хүзүүний дисктэй болчихов уу?

Орчин үеийн хүмүүс ухаалаг гар утас байнга ашигладаг болсонтой холбоотойгоор эмнэлгийг зорих өвчтөнүүдийн тоо эрс нэмэгдсэн. Ялангуяа, бараг өдөржингөө ухаалаг утас хардаг 20-иод насны залуучуудын дунд хүзүүний дисктэй болсон өвчтөнүүдийн тоо эрс нэмэгдсэн байна. Толгойгоо бөхийлгөн удаан хугацаагаар утас харах нь хүзүүний нугаламд хэт ачаалал өгч, хүзүүний дисктэй болох гол шалтгаан болдог.

Асуудал нь хүзүүнд байхад шинж тэмдгүүд нь мөр, гар хөлд мэдрэгддэг?

Хүзүүний дискний үндсэн шинж тэмдгүүд болох 'мөр ба гарын хуруу бадайрах', 'хүзүүний булчингууд байнга өвдөж унтаж чадахгүй болох', 'хүзүүгээ буруу хөдөлгөвөл гар хөшиж, жирвэс хийх' зэрэг нь хүзүү өвдөх гэхээсээ илүү мөр, далны эргэн тойрон, дал болон далны хоорондох нурууны ясны эргэн тойронд өвдөх зэргээр ажиглагдах нь элбэг.

Өвчин даамжирвал хүзүүгээ хөдөлгөх боломжгүй болж, бүр хүндэрсэн тохиолдолд гараа өргөж чадахгүй болох, дөрвөн мөчинд саажилт өгөх зэрэг шинж тэмдгүүд ажиглагдах ба эсрэгээрээ тархинд өөрчлөлт өгөх тохиолдолд ч бий. Үүнээс гадна толгой эргэх, нүдний хараа муудах, чих хүчтэй хангинах зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Ухаалаг гар утсан дээрээ тоглоом тоглох, кино үзэх, ном уншихдаа буруу байрлалтайгаар удаан хугацаанд сууснаасаа болж хүзүү өвдөж байна гэж гомдоллох хүмүүс улам бүр нэмэгдсээр байна. 30-аас дээш насныханд хүзүү өвдөх, гар бадайрах, эсвэл гар, хөл хүчгүй болж сулрах зэрэг шинж тэмдэг ажиглагдвал хүзүүний дисктэй болсон байж болзошгүй гэдгийг санах хэрэгтэй.

Хүзүүнд ачаалал өгдөг буруу байрлал бол гол шалтгаан юм.

Унтахдаа ихэвчлэн ашигладаг өндөр дэр ч гэсэн хүзүүний ясанд маш их ачаалал өгдөг. Нөгөөтэйгүүр, өдөр тутмын амьдралдаа ихэвчлэн үл тоомсорлодог жижиг зуршлууд ч гэсэн хүзүүнд ачаалал өгдөг. Жишээлбэл, ширээний урд толгой, хүзүүгээ урагш гудайлган удаан суух эсвэл хараа муутайгаас болоод хүзүүгээ хэт урагш нь сунгаж суух зуршил нь хүзүүний диск үүсэх шалтгаан болдог. Илүүдэл жинтэйгээсээ болоод зөв байрлалтай сууж чадахгүй байх, хавтгай болон хөлдөө таарахгүй гутал байнга өмсөн тогтвортой зөв байрлалаа хадгалж чадахгүй байх тохиолдолд ч үүсэх боломжтой ба автомашины осол зэрэг шууд нөлөөллөөс болж хүзүүний яс, үе мөч гэмтсэн тохиолдолд ч хүзүүний диск үүсэж болдог.

Стресс ихтэй хүмүүс, компьютер дээр их ажилладаг оффисын ажилчид, ухаалаг гар утсанд удаан хугацаагаар донтсон хүмүүс, мөрөн дээрээ хүнд зүйл үүрдэг барилгын ажилчид эсвэл толгойгоо доошлуулан гараа их ашигладаг хүмүүс дунд мөр нь хүндрэн, шилэн хүзүү нь татаж мөр болон гар нь өвдөх шинж тэмдэг их илэрдэг. Энэ тохиолдолд буруу байрлалаас үүдэлтэй миофасциал-ийг эхлээд сэжиглэх хэрэгтэй ч байрлалаа засах, амрах, тариа хийлгэх зэрэг арга хэмжээний дараа ч гэсэн шинж тэмдгүүд нь хэвээр байвал хүзүүний дискийг сэжиглэх хэрэгтэй. Анхан шатны оношлогоонд өвчний шинж тэмдгийг тандаж, мэдрэлийн үзлэгийн үр дүнд үндэслэсэн рентген зураг авч хүзүүний нугаламд хэвийн бус хэлбэр, байрлал байгаа эсэхийг шалгаж, шаардлагатай бол CT эсвэл MRI хийдэг.

Зөв байрлал нь урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга

Хүзүүний диск үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд хүзүүг арагш нь сунгадаг дасгал, стречинг хийх хэрэгтэй. Шинжлэх ухааны үүднээс авч үзвэл хамгийн тохиромжтой дэрний өндөр нь 6-8 см орчим байдаг бөгөөд унтахдаа доошоо харж унтахаас зайлсхийх, дээшээ харж хэвтэхдээ намхан дэр дэрлэн хүзүү болон нуруугаа нэг шугаманд байрлуулах, хажуу тийш харж хэвтэх бол дэрээ бага зэрэг өндөрлөх хэрэгтэй. Ширээний урд сууж, нэг байрлалд удаан хугацаагаар ажилладаг хүмүүс компютерийн дэлгэцийг нүдний түвшинд эсвэл түүнээс бага зэрэг дээш байрлуулж, компютерийн гарыг ашиглахдаа бугуй нугалархааргүй түвшинд байлгах хэрэгтэй.
Мөн, эрүүгээ буулгаад, толгойгоо дээшлүүлэн хүзүүгээ мурийлгахаа багасгаж шулуун шугаманд байлгах хэрэгтэй. Ялангуяа ухаалаг гар утас эсвэл компьютер дээрээ нэг байрлал дээр удаан ажиллахаас зайлсхийж, цаг тутамд 10 минутын завсарлага авахыг зөвлөж байна.

Эх сурвалж Дэжон Илжи их сургуулийн эмнэлгийн эрүүл мэндийн каллом│ Мэдрэлийн мэс заслын эмч Пак Ги Сог

Other Article