Дэжоны шинжлэх ухааны сэдэвтэй танин мэдэхүйн аялал

Шинжлэх ухааны хот гэж өргөмжлөгдсөн Дэжон хотод засгийн газрын санхүүжүүлэлттэй улсын 30 гаруй судалгааны хүрээлэн, 2000 гаруй судалгааны байгууллагууд байдаг. Дэжон хотын аялал жуулчлалын байгууллага нь жил бүр шинжлэх ухааны дэд бүтцийг ашиглан Дэжон хотын шинжлэх ухааны танин мэдэхүйн аялал (DST) болон Daejeon Science Festival (DSF. Daejeon Science Festival) зэрэг арга хэмжээг зохион байгуулж, иргэдэд шинжлэх ухаан, холбогдох соёлыг танин мэдэх боломжийг олгодог.

Дэжоны шинжлэх ухааны танин мэдэх аялал (DST)

Энэ оны 7-р сараас 11-р сарын сүүл хүртэл үргэлжлэх Дэжоны шинжлэх ухааны танин мэдэх аялал (DST) нь өмнөх аялал жуулчлалын хөтөлбөрүүдээс өөр Сансар огторгуй(The Cosmos), Дэлхий(The Earth), Вирус(The Virus) зэрэг сэдвийн дор холбогдох байгууллагуудаар зочлох маягаар зохион байгуулагддаг хөтөлбөр. Энэ нь сэдэв тус бүрт тохирсон шинжлэх ухааны лекц, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох менторин зөвлөгөө, засгийн газраас санхүүжүүлдэг судалгааны хүрээлэнгүүдээр зочлох зэрэг хөтөлбөрүүдээс бүрдэх бөгөөд оролцогчдыг сурвалжлагч болгож, туршлагаа хуваалцах боломжийг олгодог.

Эхний сансар огторгуйн сэдэвтэй “Та Артемис сансарын хөлөгт суух уу?” аялал нь шинжлэх ухааны мэргэжилтнүүдийн сансрын шинжлэх ухааны ирээдүйн талаарх лекц сонсох, Солонгосын Одон орон сансрын шинжлэх ухааны хүрээлэн, Үндэсний шинжлэх ухааны музей, Дэжон одон орны ажиглалтын төвд зочлох зэрэг хөтөлбөрүүдээс бүрддэг. Хоёрдахь “Нэг дэлхийгээ хэрхэн аврах вэ” сэдэвтэй аялал нь дэлхийн байгаль орчны хямралыг даван туулах шинжлэх ухаан, технологитой танилцах, амьдралын шинжлэх ухааны салбарын мэргэжилтнүүдийн лекц сонсох, холбогдох судалгааны хүрээлэнгүүдэд зочлох зэрэг хөтөлбөрүүдтэй. Гурав дахь вирусын сэдэвтэй “Хүн вирустай зэрэгцэн орших уу” аялал нь биотехнологийн судалгааны хүрээлэн, Солонгосын Дорно дахины Анагаах ухааны хүрээлэн зэрэг биотехнологийн салбарын мэргэжилтнүүдийн лекц сонсох, холбогдох судалгааны хүрээлэнгүүдээр зочлох зэрэг хөтөлбөрүүдтэй.

Дэжоны шинжлэх ухааны таних мэдэх аялал нь засгийн газраас санхүүжүүлдэг судалгааны хүрээлэн, Шинсэгэ Некспериум, Үндэсний шинжлэх ухааны музей, Дэжон одон оронгийн ажиглалтын төв, KAIST-ийн бэлэг тэмдэг Киинуритэй хамт кампустай танилцах зэрэг олон төрлийн шинжлэх ухааны танин мэдэх хөтөлбөрүүдээс бүрддэг. Дэжоны шинжлэх ухааны аялал нь өнөөг хүртэл ойлгоход хэцүү байсан шинжлэх ухааныг илүү хялбар, хөгжилтэй болгох үүднээс сонирхолтой контентуудыг ихээр оруулж өгснөөрөө онцлог бөгөөд Шинжлэх ухааны хот Дэжонд л үзэх боломжтой аялал жуулчлалын тусгай хөтөлбөрүүдтэй.

Дэжоны шинжлэх ухааны фестиваль

Энэ жил 12 дахь жилээ зохион байгуулагдах гэж буй Шинжлэх Ухааны Фестиваль нь Дэжон хотын шинжлэх ухаан, соёлын төлөөлөл болсон наадам бөгөөд 10-р сарын 20-ноос 10-р сарын 23-ны хооронд Дэжон Конвеншн сентр, Экспо шинжлэх ухааны парк, Дэдогийн тусгай дүүрэг болон хотын төвд зохион байгуулагдана. Нээлтийн ёслолын үеэр 300 нисгэгчгүй дроны гэрэлтүүлгийн үзүүлбэр зэрэг шинжлэх ухаантай холбоотой төрөл бүрийн үзүүлбэр, хөтөлбөрүүдийг үзэж сонирхох боломжтой жил бүр олон зочид ирдэг наадам юм.

Ирээдүйн Технологийн Туршлагын Төв дээр NFT, AI робот, дрон кодчилол, VR, AR гэх мэт ирээдүйн төрөл бүрийн шинжлэх ухаан, технологийг ашиглан янз бүрийн туршилтыг хийж үзэх боломжтой. Мөн дэлхийн шилдэг эрдэмтдийн сүүлийн үеийн шинжлэх ухааны нээлтүүдийн талаарх лекцүүдийг сонсох боломжтой дэлхийн шинжлэх ухаан соёлын форум, шинэ технологийг ашиглан дэлхийн янз бүрийн асуудлыг шийдвэрлэх талаарх хэлэлцүүлэг зэргийг сонирхох боломжтой. Эрдэмтэдтэй зэрэгцэн суугаад шинжлэх ухаантай холбоотой “Cine Science Concert” киног үзэж сонирхох боломжтойгоос гадна эрдэмтэд шинжлэх ухаанчидтай хамт киноны цаад шинжлэх ухааны нээлт болон нууцын талаар суралцах боломжтой.

Түүнчлэн Дэжон хотын аялал жуулчлалын байгууллага зочдод сонирхуулах Шинжлэх ухааны өрөөнөөс зугтах тоглоом, Робот Ланд, Титан роботын үзүүлбэр зэрэг соёлын олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Энэ жилийн шинжлэх ухааны фестиваль нь соёл, спорт, аялал жуулчлалын яам, Солонгосын аялал жуулчлалын байгууллага хамтран хэрэгжүүлж буй “2022 оны Жихёг олон улсын төрөлжсөн арга хэмжээний төслийн уралдаан”-д шалгарсан бөгөөд наадмын үеэр гадаадын иргэдэд зориулсан дэлхийн шинжлэх ухааны аяллын хөтөлбөр зохион байгуулагдана. Дэжон Конвеншн Центрийн Ирээдүйн Технологийн Туршлагын Төв болон 100 жилийн өмнөх Дэжон хотын дүр төрхийг хадгалсан Сужэ-донгийн сэтгэл хөдөлгөм аялал зэрэг өнгөрсөн ба одоо үеийг багтаасан өвөрмөц аяллын хөтөлбөрүүдийг бэлтгэсэн байгаа бөгөөд гадаадын олон жуулчид зочлох төлөвтэй байна.

Other Article