Гепатит С-ийн шинжилгээ, амьдралдаа нэг удаа ч болов заавал шинжилгээ хийлгэх ёстой шалтгаан

COVID-19-ийн дэгдэлтийн улмаас янз бүрийн вирусын халдварт өвчний талаарх сонор сэрэмж улам бүр нэмэгдэж байгаа энэ үед АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, үйлчилгээний тусгай хороо (USPSTF) саяхан элэгний С вирусын шинжилгээнд зориулсан шинэ зөвлөмж гаргасан. Энэ нь америкийн 18-79 насны бүх насанд хүрэгчид гепатит С-ийн шинжилгээнд насан туршдаа нэг удаа заавал хамрагдах шаардлагатай гэсэн зөвлөмж юм. Солонгосын хувьд ямар вэ? А, В, С гепатитын төлөөллийн төрлүүдээс зөвхөн С гепатит нь улсын даатгалтай эрүүл мэндийн үзлэгийн жагсаалтад ороогүй байна. Ерөнхийд нь дүгнэвэл, тархалт өндөр байгаа боловч элэгний С вирусын эрт илрүүлэг, эмчилгээний түвшин бага байна.
Таних онц шинж тэмдэггүй, тодорхой шинж тэмдэг илэрдэггүй учраас илүү анхаарал хандуулах шаардлагатай гепатит С-ийн талаар Дэжон Илжи их сургуулийн эмнэлгийн хоол боловсруулах эрхтний тэнхимийн профессор эмч Ду Ён Шиг-аас дэлгэрэнгүй тодруулья.

Цочмог өвчтөнүүдийн 70-80% нь архаг хэлбэрт шилждэг

Гепатит С нь элэгний С вирус (HCV; Hepatitis C Virus)-ийн халдвартай өвчтөний цус, биеийн шингэн нь энгийн хүний шарх, салст бүрхэвчээр дамжин халдварладаг элэгний өвчин юм. Солонгост элэгний С вирусаар 300 мянга орчим хүн өвчилсөн, жил бүр 2000-3000 орчим хүн шинээр халдвар авдаг гэсэн судалгаа бий.
Вирусын халдвар авснаас хойш 3 сарын дараа ч гэсэн вирус үлдсэн байвал ихэнх тохиолдол архаг гепатит С болдог. Цусны шинжилгээ хийгээгүй тохиолдолд гепатит С-ийг ихэвчлэн мэдэхгүй өнгөрөх тал бий. Мөн цочмог гепатит С-тэй өвчтөн бүр архаг гепатит С-д шилжихгүй ч архаг гепатит С-т болох магадлал маш өндөр байдаг. Ерөнхийдөө цочмог С гепатитаар өвчлөгсдийн 50-80% нь архаг хэлбэрт шилждэг бол архаг гепатитын 30-40% нь элэгний хатуурал эсвэл хорт хавдар болж хувирдаг.

Халдварын гол зам нь

Гепатит С нь хүрэлт болон амаар дамждаггүй бөгөөд голчлон цусаар дамжин халдварладаг. Ихэвчлэн бохирдсон зүү, сахлын хутгаар дамжих ба шивээс хийлгэх, чих цоолох үед ч зүүгээр дамжин халдварладаг. Зарим тохиолдолд бэлгийн хавьталд орох, цус сэлбэх замаар дамжих боломжтой бөгөөд эхээс хүүхдэд дамждаг “босоо халдвар” нь ховор тохиолддог.
Маш цөөхөн хүнд гепатит С-ийн халдвар авсанг мэдэж болох шинж тэмдэг илэрдэг. Хэдийгээр шинж тэмдгүүд нь тийм ч тодорхой биш боловч зарим өвчтөнд шарлалт, бие сулрах, ядрах, хоолны дуршил буурах, булчингаар өвдөх, хэвлийгээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Гэсэн хэдий ч дээрх шинж тэмдгүүд илрэх нь гепатит С гэсэн үг биш юм. Иймд элэгний үйл ажиллагаа, цусны шинжилгээгээр элэгний С вирусын эсрэгбие илрүүлэх, эсвэл элэгний С вирусыг шууд тогтоодог HCV RNA шинжилгээний аргаар халдвар байгаа эсэхийг шинжлэх шаардлагатай.

“Вакцин байхгүй” Хувийн эд хэрэглэлдээ болгоомжтой хандах хэрэгтэй

Гепатит С-ийг эрт илрүүлж шуурхай эмчлэх нь хамгийн чухал. Азаар, хэрэв халдварыг эрт илрүүлбэл 8-12 долоо хоногийн хугацаанд вирусын эсрэг эм уух эмчилгээгээр өвчнийг бараг 95% бүрэн эмчлэх боломжтой.
Гепатит С-ийн эмчилгээний эцсийн зорилго нь вирусыг устгаж элэгний хатуурал, элэгний хорт хавдар зэрэг хүндрэлээс урьдчилан сэргийлэх явдал юм. Архаг гепатит С-тэй хүмүүст вирусын генотипээс хамаарч эмчилгээний үр дүн, эмчилгээний үргэлжлэх хугацаа өөр өөр байдаг. Гепатит С-тэй ихэнх өвчтөнүүд гаж нөлөө, гам барих шаардлагатай зүйлсийн талаар хангалттай зөвлөлдсөний дараа эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
В гепатитаас ялгаатай нь С гепатитын эсрэг вакцин байдаггүй. Тиймээс хувийн ариун цэврийг сайтар сахиж, элэгний С вирусыг биеийн шингэнээр дамжин халдварлахаас сэргийлэх хэрэгтэй. Сахлын хутга, шүдний сойз, хумсны хутга зэргээр халдварлаж болзошгүй тул хувийн эд зүйлсдээ болгоомжтой хандаж, шивээс хийлгэх, чих цоолохдоо ариутгасан багаж хэрэглэж буй эсэхийг сайтар хянах шаардлагатай.

Other Article