Өдөр тутмын амьдралд хамгийн хялбар олддог, хамгийн их хэрэглэгддэг эм бол 'өвчин намдаах эм' юм.

Зарим хүмүүс эмчилгээ хийлгэхийн тулд зайлшгүй өвчин намдаах эм уудаг ч үнэндээ бидний эргэн тойронд өвчин намдаах эм байнга хэрэглэдэг хүмүүс санаснаас олон байдаг. Толгой бага зэрэг өвдөх, сарын тэмдэг ирэх үед өвчин намдаах эм уух гэх мэт. Харин орц найрлагыг нь, хэрхэн зөв хэрэглэхийг мэддэг хүн хэр олон бол?

Q1. Өвчин намдаах эм гэж юу вэ?

Өвчин намдаах эм нь өвдөлтийг арилгах эсвэл намдаах үйлчилгээтэй эм юм. Бүх өвчин намдаах эмүүд адилхан гэж бодож магадгүй, гэхдээ тийм биш. Өвчин намдаах эмийг ерөнхийд нь мансууруулагчтай болон мансууралагчгүй өвчин намдаагч гэж хуваадаг. Мансууруулагчтай өвчин намдаах эмийг зөвхөн эмчийн жороор авах боломжтой бөгөөд хязгаарлагдмал хэрэглээтэй байдаг. Мансууруулагчгүй өвчин намдаах эмийг үрэвслийн эсрэг болон халуун бууруулах өвчин намдаах эм гэж хувааж болно.

Q2. Үрэвслийн эсрэг өвчин намдаагч (NSAIDs) ба халуун бууруулах өвчин намдаагч (Ацетаминофен) хоёр юугаараа ялгаатай вэ?

Үрэвслийн эсрэг гэдэг нь шууд утгаараа 'үрэвслийг арилгах' гэсэн утгатай. Тиймээс буйлны үрэвсэл, булчингийн үрэвсэл, шархнаас үүссэн өвдөлт зэрэг өвчин намдаах, үрэвслийг арилгах шаардлагатай үед үрэвслийн эсрэг өвчин намдаах эмүүд үр дүнтэй байдаг. Үрэвслийн эсрэг өвчин намдаагч нь ибупрофен эсвэл ацеклофенак зэрэг эмийн найрлага агуулдаг.
Халууны эсрэг өвчин намдаах эм нь захын үрэвслийг дарах үйлчилгээгүй, төв мэдрэлийн системд нөлөөлдөг эм юм. Толгой өвдөх, шүд өвдөх, сарын тэмдгийн өвдөлт, энгийн халууралт зэрэг өдөр тутмын өвдөлтийг намдаахад хэрэглэдэг. Нийтэд танигдсан халууны эсрэг өвчин намдаах эмүүд гэвэл Tylenol, Penzal, Gevorin зэрэг байна.
Үрэвслийн эсрэг болон халууны эсрэг өвчин намдаагч нь товчхондоо ижил төстэй өвчин намдаах, халуун бууруулах үйлчилгээтэй байдаг ч үрэвслийн эсрэг өвчин намдаах эмүүд нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй байдгаараа ялгаатай.

Q3. Гэнэт өвдөж, халуурвал ямар өвчин намдаах эм уух ёстой вэ?

Халууны эсрэг өвчин намдаах эм нь тэсэхийн аргагүй өвдөлттэй үед шууд хэрэглэхэд давуу талтай. Түүнчлэн ходоодонд бага нөлөө үзүүлдэг учраас өлөн элгэн дээрээ, хоолтой, хоолгүй ууж болно. Үүний ачаар ходоод муутай хүмүүс, жирэмсэн болон нярай хүүхэд ч ууж болно.

Q4. Өвчин намдаах эм уухад ходоод дотор өвддөг. Яагаад тэгдэг вэ?

Хэрэв танд дээрх тохиолдлууд тохиолдсон бол үрэвслийн эсрэг эм уусан байх магадлалтай. Үрэвслийн эсрэг эм нь бидний бие дэх простагландин гэж нэрлэгддэг физиологийн бодисыг багасгах замаар өвдөлт, үрэвслийг намдаадаг. Харин простагландин буурах үед ходоодыг хамгаалдаг салст бүрхэвч нимгэрч, ходоодны хүчил ялгаралт ихсэх, улмаар дотор муухайрах, ходоодны үрэвсэл, бөөлжих шинж тэмдэг илэрдэг. Тиймээс, байнга цээж хорсох, ходоод өвддөг бол эмч, эм зүйчтэйгээ сайтар зөвлөлдөхийг зөвлөж байна.

Q5. Байнга юм уу удаан хугацаагаар өвчин намдаах эм уувал дасал үүснэ, энэ зүгээр үү?

Мансууруулагчгүй өвчин намдаах эмэнд дасал үүсэх эсвэл донтох тохиолдол ховор байдаг. Өвчин намдаах эмүүд үйлчлэхгүй бол тэсвэржилттэй болсон гэж бодож болох ч шалтгаан нь тэсвэржилтээс гадна өөр өвдөлт үүссэн эсвэл анхны өвдөлт улам дордсон байж болзошгүй. Заримдаа өвчин намдаах эмийн тунг зөрчиж, өөрийн мэдлээр тунг нэмэгдүүлэх нь маш аюултай бөгөөд өвчин намдаах эмийн тунг нэмэхийн өмнө эмчийн зааврын дагуу уух хэрэгтэй.

Q6. . Зарим өвчин намдаах эм нь кофейн агуулдаг гэж сонссон, энэ үнэн үү?

Зарим нь кофеин агуулдаг. Кофеин нь өвчин намдаах эмийн өвчин намдаах үйлчилгээг дэмжих үйлчилгээтэй бөгөөд эмийн үйлчилгээг түргэсгэхийн тулд кофейн нэмдэг. Ийм учраас кофе, ногоон цай, кола зэрэг кофейн агуулсан ундааг өвчин намдаах эмийн хамт их хэмжээгээр уувал гар чичрэх, нүдний зовхи чичрэх зэрэг гаж нөлөө илэрч болно. Тиймээс өвчин намдаах эмийг усаар даруулж уухыг зөвлөж байна.

Q7. Хүүхдэд өвчин намдаах эм өгөхдөө анхаарах шаардлагатай зүйлс байгаа уу?

Хэрэв нялх хүүхэддээ өвчин намдаах эм өгөх шаардлагатай бол хэдэн сартай эсэх, бор хоол идэж байгаа эсэх зэргийг харгалзан тохирох найрлагатай халууны эсрэг өвчин намдаах эм хэрэглэх хэрэгтэй. Ацетаминофенийн хувьд 4 сартайгаас болон түүнээс дээш настай нярайд тунгийн дагуу зөв хэмжээгээр хэрэглэж болно. Шөнө дунд гэнэт халуурч, вакцин хийлгэсний дараа халуурвал үүнийг хэрэглэхэд гэмгүй. Үрэвслийн улмаас халуурсан тохиолдолд үрэвслийн эсрэг эм өгч болох боловч үүнийг 6 сараас дээш настайгаас нь хэрэглэх боломжтой бөгөөд хүүхдийн ходоодыг хамгаалах үүднээс өлөн биш хоол идсэнийх нь 30 минутын дараа уулгана.

Q8. Өвчин намдаах эм уухдаа юуг анхаарах ёстой вэ?

Ямар зорилгоор өвчин намдаах эм ууж байгаа нь чухал бөгөөд мөн өвчин намдаах эмээс гадна ямар эм ууж байгаагаа мэдэж байх ёстой. Хэрэв ямар нэгэн өвчний эмчилгээний шугамаар эм ууж байх тохиолдолд тэдгээр эмнүүд өвчин намдаах үйлчилгээтэй эм агуулагдаж байх тохиолдол их байдаг. Нэмж өвчин намдаах уувал энэ нь хэтрүүлэн хэрэглэлт болно. Энэ тохиолдолд өвчин намдаах эм болон бусад эмийн харилцан үйлчлэлийн улмаас гаж нөлөө үүсэх эрсдэл улам нэмэгддэг тул эмийг бичиж өгөх үеэс эхлэн мэргэжилтэн, эм зүйчтэй зөвлөлдөх нь зүйтэй.

Эх сурвалж | Илжи их сургуулийн эмнэлгийн эрүүл мэндийн булан Ким Жэ Вон Профессор

Other Article