Ардын уламжлалт анагаах ухааны дижитал өөрчлөлтийг тэргүүлж буй Солонгосын Ардын уламжлалт Анагаах Ухааны Хүрээлэн

Хиймэл оюун ухаантай уламжлалт анагаахын эмч анхан шатны тусламжийн эмч болж, өдөр бүр хувь хүний эрүүл мэндийг хамгаалах өдөр удахгүй ирнэ . Хиймэл оюун ухаантай ардын уламжлалт анагаахын эмч нялх наснаас өтлөх нас хүртэлх амьдралын мөчлөгийн туршид хувь хүний эрүүл мэндийг удирдаж, биг дата буюу хуримтлагдсан өгөгдөлд тулгуурлан хувь хүний генетикийн мэдээлэл, биеийн онцлог, мөн бие махбодийн онцлог шинж чанараас хамааран үүсэж болзошгүй өвчнийг урьдчилан таамаглаж, зохих эмчилгээ, хоолны дэглэмийг санал болгодог. Үүний ачаар хүмүүс өдөр тутмын амьдралдаа эрүүл мэнддээ тогтмол анхаарч, өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой болно. Солонгосын Ардын Уламжлалт анагаах ухааны хүрээлэн нь ардын уламжлалт анагаах ухааны онол, технологи, анагаах ухааны практикт судалгаа шинжилгээ хийдэг ардын уламжлалт анагаах ухааны судалгааны бааз суурь нь болсон судалгааны институт юм. Энэхүү судалгааны хүрээлэн нь аж үйлдвэрийн 4-р хувьсгалын эрин үетэй хөл зэрэгцэн алхах үүднээс ардын уламжлалт анагаах ухааныг хувь хүний онцлогт тохируулсан хэлбэрээр өөрчилж, илүү дижитал болгон хувиргах алхамыг хийж байна. Ардын уламжлалт анагаах ухааны клиник, оношилгоо, ургамлын анагаах ухаан зэрэг төрөл бүрийн салбарын биг дата буюу өгөгдлийг цуглуулах замаар хиймэл оюун ухааны системийг нэвтрүүлж, уламжлалт анагаах ухааны оношлогоо, эмчилгээнд шинжлэх ухаан, бодитой өгөгдлийг ашиглах үндэс суурийг тавьж байна.

Уламжлалт анагаах ухааныг салбарт хиймэл оюун ухааныг хөгжүүлэх, практикт ашиглах

Солонгосын ардын уламжлалт анагаах ухааны хүрээлэн нь 2019 оноос хойш 'Ардын уламжлалт анагаах ухааны хиймэл оюун ухааныг хөгжүүлэх клиникийн том өгөгдөл цуглуулах, үйлчилгээний платформ' төслийг хэрэгжүүлж байна. Хиймэл оюун ухааныг хослуулсан ардын уламжлалт анагаах нь өгөгдөлд тулгуурлан ардын уламжлалт анагаахын оношлогооны тоон үзүүлэлт, шинжлэх ухааны нотолгоо, стандартчилсан үйлчилгээ үзүүлдэг платформ юм. AI-г хослуулсан ардын уламжлалт анагаахыг хөгжүүлэхийн тулд эхлээд алгоритмыг сурахад шаардлагатай стандартчилсан өгөгдөл шаардлагатай байдаг. Үүний тулд судалгааны хүрээлэн нь оношлогооны протокол боловсруулж, жил бүр 3000 эрүүл хүний ардын уламжлалт эрүүл мэндийн үзлэгийн мэдээлэл, 200 өвчтөний төхөөрөмжийн оношилгооны мэдээллийг цуглуулж байна.
Мөн эртний анагаахын судар болон ном зохиолоос эхлээд хамгийн сүүлийн үеийн судалгааны үр дүнг цуглуулдаг ' эмчилгээг дэмжих систем '-ийг байгуулж, ардын уламжлалт анагаахын эмч нарт зориулсан биг датад суурилан оношилгоо, эмчилгээ хийдэг хиймэл оюун ухаантай оновчтой системийг мөн хийж байна. 2024 он гэхэд 10,000 хүний уламжлалт анагаахын биомаркерын мэдээллийг цуглуулахаар төлөвлөж байна. Үүгээр дамжуулан 'судасны цохилт суль байна' гэх мэт субьектив, хийсвэр онош тавихаас илүүтэйгээр '50 -иас дээш насны солонгос эмэгтэйчүүдийн судасны цохилтын хүчтэй харьцуулахад ямар бүлэгт хамрагдаж байгаа эсэх эсвэл бүр хэдэн хувьд нь хамрагдаж байгаа эсэх' талаар бодит үзүүлэлтүүдийг гаргаж, тайлбарлах орчинг бүрдүүлэх боломжтой болох юм.

Дижитал оношлогооны төхөөрөмжөөр ардын уламжлалт анагаах ухааны оношлогоог илүү үндэслэлтэй болгох

Солонгосын Ардын уламжлалт Анагаах Ухааны Хүрээлэнгийн бүтээсэн дижитал оношилгооны төхөөрөмж нь уламжлалт анагаах ухааны оношлогооны бодитой байдлыг нэмэгдүүлсэн. Ардын уламжлалт анагаах ухааны уламжлалт оношлогооны арга бол уламжлалт анагаахын эмч шууд өөрөө нүдээр харах, чагнах, мэдрэх, үнэрлэх зэргээр өвчтөний бие махбодийг ажиглаж, өвчтөнд ажиглагдах шинж тэмдгийн дагуу асуудал байгаа эсэхийг тодорхойлж, өвчний учир шалтгааныг тодорхойлон холбогдох эмчилгээний чиглэлийг гаргадаг журамтай. Судалгааны хүрээлэнгийн бүтээсэн дижитал оношилгооны төхөөрөмж нь дүрс, дуу, долгион зэрэг ангиллын өвчтөний эмнэлзүйн мэдээллийг цуглуулж түүнд дүн шинжилгээ хийн илүү бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй онош гаргадаг. Үүний төлөөлөл болсон оношлогооны төхөөрөмжүүд нь судас баригч, хэл оношлогч, Сасаны биеийн онцлогийг тодорхойлох шинжилгээний хэрэгсэл зэрэг болно. Судас барих нь уламжлалт анагаах ухааны гол оношлогооны арга бөгөөд бугуйнд мэдрэгдэх импульс (судасны хэлбэр)-ээр дамжуулан өвчтөний эрүүл мэндэд асуудал байгаа эсэхийг оношлодог. Зүрхнээс бугуйнд импульс хэрхэн дамждагийг нарийн хэмжихийн тулд пульсиметр нь уламжлалт анагаахын эмчийн хурууны үзүүрийн мэдрэмжийг дуурайлгасан импульсийн мэдрэгчээр дамжуулан импульсийн хэмжээ, өргөн, урт, хүчийг бүхэлд нь хэмждэг. Үүгээр өвчтөний биеийн байдлыг бодитой, үнэн зөв хэмжиж чадна. Сүүлийн үед хүрээлэн буй орчны өөрчлөлтөөс үүдэлтэй судасны цохилтын өөрчлөлтийг өдөр тутамд тасралтгүй ажиглаж, хувь хүний оношилгоонд ашиглах зорилгоор зүүдэг төхөөрөмжтэй хослуулсан дижитал импульсийн оношлогооны технологиуд бас гарч ирж байна. Хэлний оношилгоо гэдэг нь хэлний өөрийнх нь хэлбэр, өнгө, гадарга дээр хөвд шиг наалдсан байдаг өнгөрийн өнгө, тархалт, зузаан, чийгийн түвшинг харгалзан биеийн дулаан, өвчний хүнд хөнгөн, меридианын системийг шинждэг. Хэлний дижитал оношилгооны машин нь 3D дүрс боловсруулах, дүн шинжилгээ хийх технологийг ашиглан хэлэн дээрх мэдээллийг тоон байдлаар хэмжиж, өвчтөний биеийн байдлыг оношилдог. Энэ нь өвчтөний нөхцөл байдлыг тогтвортой, найдвартай оношлох боломжийг олгодог. Сасанийн биеийн онцлогийг шинжлэгч хэрэгсэл нь нүүр царайн дүрс, дуу хоолой, биеийн хэлбэр зэрэг биеийн онцлогийн цогц элементүүдийн талаарх Сасаний 3000 гаруй биеийн онцлогийн өгөгдлийг шинжлэн гаргасан үр дүн болон шинжээчдийн дүгнэлтийг ашиглан боловсруулсан биеийн онцлогийг тодорхойлдог төхөөрөмж юм. Ардын уламжлалт анагаах ухаанд хүний төрөлхийн биеийн онцлогоос хамааран эмийн жор, эмчилгээ нь харилцан адилгүй байдаг. Стандартчилсан шалгуураар хүний биеийн онцлогийг Тэимин, Тэянин, Суимин, Суяин гэж бодитойгоор ангилах боломжтой учраас биеийн онцлогийн талаарх оношийг үнэн зөв гаргах боломжтой.

Ардын эмийн ургамалыг тодорхойлдог хиймэл оюун ухааны технологийг нэвтрүүлэх

Уламжлалт тан нь ардын анагаахын хамгийн төлөөлөл болсон эмчилгээ юм. Төрөл бүрийн ургамлын үндэс, навч, жимс зэргээр хийсэн уламжлалт танг үнэн зөв тодорхойлох нь чухал юм. Одоогоор уламжлалт анагаахын эм танг зах зээлд түгээхдээ бид ихэвчлэн мэргэжилтнүүдэд тулгуурладаг. Гэсэн хэдий ч энэ чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдийн тоо цөөрсөнтэй холбоотойгоор тангийн аюулгүй хэрэглээний талаарх болгоомжлол нэмэгдсээр байна. Харин энэ асуудлыг шийдэхийн тулд Солонгосын Ардын уламжлалт Анагаах Ухааны Хүрээлэн хиймэл оюун ухааны технологи болох дип лёрнинг аргыг ашиглан эмийн ургамлыг тодорхойлох технологийг бүтээсэн нь маш том амжилт болсон юм. Дип лёрнинг ашигласан энэхүү эмийн таних технологийн нарийвчлал нь 99.4 хувьтай байгаа нь шинжээчийн нүцгэн нүдээр дүгнэдэг дундаж нарийвчлал 94.8% -аас өндөр байна. Энэхүү технологийг ашигласнаар мэргэжлийн бус хүмүүс хуурамч ургамлын гаралтай эмийг зүй бусаар худалдаалж хэрэглэснээс үүдэн гарах осол эрс буурна гэж үзэж байгаа бөгөөд цаашид ургамлын гаралтай эмийг таних аппликейшн хөгжүүлж хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

A. Банги (SA), мугтан (AC) болон гуанмугтан (AMC) нь төстэй хэлбэртэй. Гуанмугтаны хувьд хортой учраас хэрэглэхийг хориглосон ч ургамлын эмийн зах дээр зарагдаж байдаг.
B. Дип Лёрнинг ашиглан уламжлалт эмийн ургамлыг тодорхойлох үйл явцын бүдүүвч зураг

Эх сурвалж :

Ардын уламжлалт анагаах ухаанд суурилсан эрүүл мэндийн хяналтын гар утасны программ, бимёнбугам

Солонгосын Дорно дахины Анагаах Ухааны Хүрээлэн нь судалгаанд оролцогчдын эмнэлзүйн мэдээллийг цуглуулж, стандартчлан 'Мибёнбугам' нэртэй дорно дахины эрүүл мэндийн үйлчилгээний программыг зохион бүтээсэн. Ми-бён гэдэг нь одоогийн жишгээр бол яг өвчин биш, харин хүнд оргих, ядрах зэрэг таагүй байдлыг илэрхийлдэг. Насанд хүрэгчдийн 47 орчим хувь нь яг өвдөөгүй ч эрүүл мэндийн янз бүрийн асуудлаар гомдоллодог бол тэдний 70.7 орчим хувь нь ядаргааны талаар байдаг. Түүнээс гадна ходоодны хямрал, сэтгэлийн хямрал, нойрны хямрал зэрэг бусад шинж тэмдгүүд илэрдэг аж. Мибён нь хараахан өвчин болоогүй байгаа учраас тусгай жор, эмчилгээ гэхээсээ илүүтэй өдөр тутмын амьдралдаа байнгын хяналт тавих нь зүйтэй байдаг. 'Мибёнбугам' нь судалгааны хүрээлэнгээс цуглуулсан мибёны эмнэлзүйн DB болон үнэлгээний алгоритмыг ашиглан боловсруулсан систем бөгөөд хэрэглэгч гар утас, төхөөрөмжөөр дамжуулан эрүүл мэндийн мэдээллээ оруулахад тухайн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, үнэлж, үр дүнг нь хэрэглэгчдэд мэдээлдэг. Үр дүнд үндэслэсэн өөрийн биеийн онцлогт тохирсон амьдралын хэв маягийг зохицуулах арга, ургамлын гаралтай цай, дасгалын эмчилгээ зэрэг солонгосын уламжлалт анагаах ухааны эрүүл мэндийн дэглэмийн аргуудын талаар зөвлөмж авах боломжтой. Цаашид уг аппликейшнийг сайжруулж эмнэлгийн эмчилгээтэй холбох гэх мэт хэрэглээний цар хүрээг өргөжүүлэх төлөвтэй байна.

Мибёнбугам апп-ын үндсэн дэлгэц Мибёнбугамын шинжилгээний 1-р үр дүн Мибёнбугамын шинжилгээний 2-р үр дүн

Солонгосын Ардын уламжлалт Анагаах Ухааны Хүрээлэнгийн олон төрлийн дижитал өөрчлөлтийн төслүүдээр дамжуулан уламжлалт анагаах ухааныг бодитой болгох, шинжлэх ухааны үндэслэлтэй болгох төсөл бүрэн хэрэгжвэл түүнийг орчин үеийн шинжлэх ухаантай уялдуулан өдөр тутмын амьдралд тохирсон урьдчилан сэргийлэх анагаах ухааны шинэ парадигм буюу шинэ эрин үеийг эхлүүлэх бүрэн боломжой. Солонгосын Ардын уламжлалт Анагаах Ухааны Хүрээлэн нь үндэсний эрүүл мэндийг дэмжих, уламжлалт анагаах ухааныг дэлхий дахинд таниулах зорилгоор дижитал ардын уламжлалт анагаах ухааны тэргүүлэх технологийг хөгжүүлэх, уламжлалт анагаахын мэдээллийн платформ байгуулах, уламжлалт анагаахын салбарын бодлогын стратегийг боловсруулах зэрэг төрөл бүрийн судалгаа, төсөл хэрэгжүүлж байна. Цаашид энэхүү төслүүдийн үр нөлөө нь манай нийгэмд төдийгүй дэлхий дахинд хүрэх болно гэж найдаж байна.

Other Article